Өөрийгөө болон бэлгийн хамтрагчаа халдвараас хамгаалах дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Та аль ч хэлбэрийн бэлгийн хавьтлын үед бэлгэвч, чийгшүүлэгчийг тогтмол зөв хэрэглэж сурах хэрэгтэй . Бэлгэвч нь бусдын үрийн шингэн, үтрээний шүүрэл, цусыг өөрийн биед арьс салстаар нэвтрэн орохоос хамгаалдаг.
Алхам 1: Бэлгэвчийг хэрэглэхийн өмнө уутны бүрэн бүтэн байдлыг шалгаж, хугацааг хараарай. Бэлгэвчний үзүүр хэсэгт хий орохоос болгоомжил!. Бэлэг эрхтэн хөвчирч хатуурсан үед шодойнд гүйцэт углана. Шодойнд гүйцэт углахдаа сунгаж татаж болохгүй бөгөөд энэ нь бэлгэвчийг урах аюултай.
Алхам 2: Бэлгэвчийг бүрэн угласаны дараа усан суурьтай чийгшүүлэгчийг гадаргууд жигд түрхэнэ. Шулуун гэдэсний амсарыг бас чийгшүүлнэ. Бэлгэвч углахаас өмнө шодойнд чийгшүүлэгч түрхэж болохгүй бөгөөд энэ нь бэлгэвч суларч, сугарах эрсдэлтэй байдаг.
Алхам 3: Бэлгийн хавьталд орох үед бэлгэвч суграхаас болгоомжилж шалгах, шаардлагатай үед чийгшүүлэх тосон түрхлэгийг нэмж хэрэглэх хэрэгтэй. Гадуур дур тавих үед бэлгэвчийг сугалж авахгүйгээр гаргана. Дур тавьсаны дараа шодойг зөөлрөхөөс өмнө бэлгэвчийг болгоомжтой сулгалж аваад доторх шингэнийг асгарахаас болгоомжилж амсрыг боож хаяна. Хэрэглэсэн бэлгэвчийг дахиж хэрэглэж болохгүй!. :
- Бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх аргыг мэдэхгүй үед
- Шодойнд углахаас өмнө бэлгэвчийг тэнийлгэх
- Тосон суурьтай чийгшүүлэгч хэрэглэх ( биеийн тос, шампунь, бусад тос)
- Чийгшүүлэгчийг буруу хэсэгт хэрэглэх (жишээ нь; бэлгэвч хэрэглэхээс өмнө шодойнд түрхэх эсвэл анусны орчимд чийгшүүлэгч түрхэхгүй байх үед)
- Нэг бэлгэвчтэй удаан хугацаанд нэг байрлалд хавьтах
- Хугацаа дууссан бэлгэвч хэрэглэх ( сав баглаан дахь дуусах хугацааг тогтмол шалгаж хэвших)
- Өөрт тохироогүй хэмжээтэй бэлгэвч хэрэглэх
Тухайн олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийдэгТББ-ууд болон улсын эмнэлгүүд бэлгэвчийг үнэ төлбөргүй тараадаг. Мөн та дурын супер маркет, аптек болон жижиг дэлгүүрээс худалдан авах боломжтой.
БЗДХ-ын тухай түгээмэл гардаг дараах асуултууд дээр дарж дэлгэрэнгүй хариулттай танилцана уу.
БЗДХ-тай хүнээс хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж халдвар авахыг хэлнэ. БЗДХ-ууд нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
БЗДХ-ын халдвар авсан ихэнхи хүмүүст ямарч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Иймд хэрвээ та өөрийгөө эрсдэлд орсон байх магадлалтай гэж үзвэл шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай. Магадгүй зарим тохиолдолд дараах шинж тэмдэгүүд илэрдэг:
- Шээсний сүв, хошногоны амсар болон хоолойн салст үрэвсэх эсвэл мэдэгдэхүйц бохир ялгадас гарах
- Шээх үед хорсож өвдөж, бага хэмжээний цус үзэгдэх
- Загатнах, хуурайших эсвэл шодойн үзүүр болон бусад хэсэг улайж эмзэгших
- Бэлэг эрхтэний эргэн тойронд тууралт гарах (цэврүү, гүвдрүү,идээт)
- Амны хөндийн салст улайж шархлах болон бусад гэмтэлүүд
Гэвч дахин сануулахад ихэнхи тохиолдолд БЗДХ нь ямар нэгэн шинж тэмдэг, зовиургүй байж болох тул эрсдэлээс хамгаалж тогтмол шинжилгээ өгөх нь зөв юм.
БЗДХ-уудаас заг хүйтэн болон тэмбүү өвчин түгээмэл тархалттай байдаг. Тэмбүү өвчний үед халдвар орсон хэсэгт жишээлбэл, шулуун гэдэсний амсар, амны хөндийн ойр орчим эсвэл бэлэг эрхтэний ойролцоо шарх шархлаа гардаг. Шарх шархлаатай хэсэгтэй хүрэлцэж шууд хавьталд орсоноор халдвар авна. Заг хүйтэн өвчин нь бэлэг эрхтэн, шулуун гэдэс мөн залгиур хоолойгоор халдварладаг. Заг хүйтнээр өвчилсөн хүнтэй үтрээгээр, шулуун гэдсээр, мөн аман бэлгийн хавьталд орох үед халдвар авдаг.
Хэрвээ та халдвар авсан байх магадлалтай гэж бодвол халдвар илрүүлэх шинжилгээ өгөх нь чухал. Учир нь БЗДХ-ууд ихэнхдээ шинж тэмдэггүй байж болдогийг санаж шинжилгээ өгтөл өөр хэн нэгэнтэй хавьталд орохгүй байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, хэрвээ та БЗДХ-ын шинжилгээ хийлгэх хэрэгтэй бол ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг хамт хийлгээрэй. Улаанбаатар дахь шинжилгээний төвүүдийг энд дарж үзнэ үү.
Ихэнхи БЗДХ-уудыг эмчлэх эмчилгээ нь төвөггүй мэт санагдавч халдвар бүрийг эмчлэх тохиромжтой эмчилгээ нь өөр өөр байдаг. Энэ нь шахмал эм уух, тосон түрхлэг түрхэх эсвэл хурдавчилсан тариа эмчилгээнд ороход л болдог. Харин эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх нь хамгийн чухал. Эмчийн зөвлөгөө шаардлагыг даган мөрдөж эмчилгээний явцад аливаа хавьталд орохгүй байх,архи согтууруулах зүйлсийг хэрэглэхгүй байх нь маш чухал. Энэ нь тухайн БЗДХ-ыг бусдад тараахгүй байх урьдчилан сэргийлэх чухал алхам болдог
БЗДХ-аас сэргийлэх, эрсдэлийг бууруулах олон төрлийн арга байдаг. Хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга нь аливаа тохиолдолын бэлгийн хавьталын үед бэлгэвч болон усан суурьтай чийгшүүлэгчийг зөв тогтмол хэрэглэх юм. Хэрвээ та PrEP эмчилгээнд хамрагдаж байгаа бол энэ нь таныг ХДХВ-ийн халдвараас бусад БЗДХ-аас урьдчилан сэргийлэхгүй гэдгийг санах хэрэгтэй.
Зарим төрлийн БЗДХ нь амны хөндий болон бэлэг эрхтэний ойролцоо, шарх,шархлаа үрэвсэл үүсгэдэг ба энэ нь тухайн арьс салстыг гэмтээж ХДХВ-ийн халдварлах зам болдог.
Хоёрдугаарт, БЗДХ-ын үед хүний биеийн дархлааны эсүүд гэмтэж дарангуйлагддаг. Биеийн дархлаа унах үед өөр бусад халдварт өртөмтгий болдог байна.
ӨӨУСЭ/PrEP эмчилгээ нь БЗДХ-ыг хамгаалж чадахгүй. Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь бэлгийн хавьтлын бүх хэлбэрүүдийн үед (үтрээ, шулуун гэдэс, аман) БЗДХ-аас сэргийлэх шилдэг арга мөн.
Өдөрт ӨӨУСЭ/PrEP-ийн нэг ширхэг эмийг ууснаар ХДХВ-ийн халдвараас бүрэн сэргийлж чадах юм. Дараах түгээмэл асуултуудаас PrEP-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
ХДХВ-ийн халдваргүй хүмүүс бэлгийн хавьталын үед ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг бууруулдаг урьдчилан сэргийлэлтийн арга юм. Энэ нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийг хүссэн хүмүүсийн зайлшгүй мэдэж хэрэглэх нэгэн арга болно. Дараах видеог үзэн PrEP талаар дэлгэрэнгүй танилцана уу.
ӨӨУСЭ/PrEP нь бүх хүмүүсд тохиромжтой арга хэрэгсэл биш боловч ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл, халвараас сэргийлж өдөрт нэг ширхэг эмийг тогтмол хэрэглэх боломжтой олон хүмүүсд хэрэгтэй арга юм. Хэрэв та доорхи асуултанд тийм гэж хариулт өгвөл ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга нь ӨӨУСЭ/PrEP байж болох юм.
- Та бэлгэвчийг тогтмол хэрэглэж чадахгүй байна уу?
- Та БЗДХ-т өртөх эрсдэлтэй үү?
- Өнгөрсөн жилүүдэд та (ӨӨУСЭ/ӨДС/PEP) эмийг нэгээс илүү ууж байсан уу?
- Таньд ХДХВ-ийн халдвартай тогтмол бэлгийн хавьтагч ( серодискордант) хүн байдаг уу?
- Таньд байнгын бус бэлгийн олон хамтрагч байдаг уу?
- Та ХДХВ-ийн халдварын байдлыг мэдэхгүйгээр тухайн хүнтэй бэлгийн хавьталд орсон уу?
- Та ХДХВ-ийн халвдар тархалт ихтэй аль нэг хот суурингаас ирсэн хүнтэй бэлгийн хавьталд ордог уу?
Бид таны бэлгийн амьдрал,бэлгэвчний хэрэглээг байнга хянах гэж байгаа хэрэг биш бөгөөд энэхүү асуултанд зөв хариулах нь таны болоод таны хамтрагчийн бэлгэвч хэрэглэхийг хүсэхээс хамааран гарах шийдвэр юм. Бэлгэвч нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг бууруулах оновчтой арга хэрэгсэл болохыг мэддэг боловч олон хүмүүс бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүйг бас мэдэх билээ. ӨӨУСЭ/PrEP нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өөр нэг арга хэрэгсэл бөгөөд бусад заг хүйтэн, хламид, тэмбүү зэрэг БЗДХ-аас урьдчилан сэргийлж чадахгүй гэдгийг дахин тэмдэглэх нь зүйтэй. Бэлгэвч хэрэглэх нь БЗДХ, ХДХВ-ийн халдварын эсрэг хамгийн оновчтой арга хэрэгсэл хэвээр байгаа юм.
Үгүй. Маш олон хүн ӨӨУСЭ/PrEP-ийг “хамгийн их эрсдэлтэй байж болох үедээ хэрэглэнэ гэж бодож байв ч хэрэглэх шаардлага гарахгүй ч байж болно. Жишээлбэл, хэрэв чи ХДХВ-ийн халдвартай үгүй нь тодорхойгүй олон хавьтагчтай идэвхитэй бэлгийн хавьталд ордог бол ӨӨУСЭ/PrEP хэрэглэх нь зөв, харин ХДХВ-ийн халдваргүй бэлгийн тогтмол нэг хавьтагчтай болсон тохиолдолд ӨӨУСЭ/PrEP хэрэглээ нь тийм ч тохиромжтой биш байж болох юм.
Хүний биед ӨӨУСЭ/PrEP эмийн хамгаалалт үүсэх хугацаа судалгаагаар бүрэн тогтоогдоогүй тул үргэлжлэн судлагдаж байна. Гэсэн хэдий ч гэй эрчүүдэд өдөр бүрийн тунг тогтмол тасралтгүй хэрэглэж байгаа үед 7 хоногийн дараа шулуун гэдсээр хавьталд орох үед хамгаалалт үүсдэг гэж үздэг.
Өдөр бүр тогтмол эм уух нь бэрхшээлтэй байдаг ч тогтмол цагт хэрэглэж сурвал хялбар болж эхэлдэг. Хэрэв та мартсан тохиолдолд айж сандрах хэрэггүй. Та тухайн өдрийн мартсан тунг санасан үедээ ууж болно. Хэрэв та ӨӨУСЭ/PrEP-ийн эмээ шөнө уудаг хэвшилээ мартсан бол маргааш өглөөний цайтай хамт ууж болно. Гэсэн хэдий ч, тогтсон цагтаа ууж сурах хэрэгтэй. Мөн та ӨӨУСЭ/PrEP эмчилгээний талаар мэргэжлийн эмч нар болон бусад хэрэглэгч хүмүүстэй ярилцаж зөвлөгөө аваарай.
Эм уух цагаас хамаарч зөвлөгөө өөр өөр байж болно. Жишээлбэл: хэрвээ та эмээ өглөө эсвэл орой уудаг бол шүдний сойзны хажууд эмээ тавьсанаар шүд угаах бүрдээ санаж тогтмол ууж хэвших боломжтой. Өөр нэг санах арга нь гар утсан дээрээ тогтмол, давтагдсан эм уухыг сануулсан сэрүүлэг тавьж болно. Хэрвээ та эмээ уухгүй бол энэ эмчилгээ нь нөлөөлөхгүй учраас өөрт тохирсон хамгийн шилдэг аргыг хэрэглэн өөртөө сануулах арга хэрэглэж, хэвшээд эхлэх үед илүү амархан болдог. Хэрэв та үнэхээр эм уухаа санахад хүндрэлтэй байвал ӨӨУСЭ/PrEP эмчилгээг зөвлөсөн эмчид хандаж өөрт тохирсон зөвлөмжийг аваарай.
ӨӨУСЭ/PrEP-ийг хэрэглэж эхлэхээс өмнө та зайлшгүй ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж сөрөг хариуг авсан байх нь чухал. Хэрвээ та ХДХВ-ийн халдвар авсан тохиолдолд ӨӨУСЭ/PrEP-ийг хэрэглэж эхлэх нь өөрийн биед ХДХВ-ийн эмчилгээний үед хэрэглэдэг эмэнд тэсвэртэй болгох эрсдэлтэй юм. ХДХВ-ийн халдварын эмийн тэсвэржилт гэдэг нь хэрэв ХДХВ- эерэг гарах нөхцөлд эмийн үйлчилгээг тодорхойлох боломжгүй болно гэсэн үг юм. Тиймээс, ӨӨУСЭ/PrEP хэрэглэж эхлэхээс өмнө ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдаж сөрөг хариуг авсан байх зайлшгүй шаардлагатай. ӨӨУСЭ/PrEP-ийг хэрэглэж эхлэх үед та ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх энэхүү арга нь үнэхээр таньд тохиромжтой эсэхийг батлахын тулд гурван сар тутамд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
ӨӨУСЭ/PrEP хэрэглэж эхэлсэн эхний хэдэн долоо хоногт, зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих, ядрах мөн толгой дүйнгэтэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ч аажимдаа энэ зовиурууд арилдаг. Үүнийг эм ууж эхлэх үед гарч болох хамшинж гэж үздэг. Зарим судалгаанаас харахад бөөрний үйл ажиллагаанд бага зэргийн өөрчлөлт, ясан дахь эрдэс бодис буурах байдал гарч болох тул цусны шинжилгээ өгч мэргэжлийн эмчээр хянуулж байх нь зүйтэй байдаг.
ӨӨУСЭ/PrEP эмчилгээний үр дүн мансууруулах бодис хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн хувьд үзүүлэх үр дүнд ялгаатай байдал гараагүй боловч мансууруулах бодисын нөлөө ӨӨУСЭ/PrEP-ийн үед гарч болох гаж нөлөөг нэмэгдүүлж болдог байна. ӨӨУСЭ/PrEP эмчилгээ нь өдөр бүр тогтмол хэрэглэж үр дүн гардаг тул мансууруулах төрлийн бодисын хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмчид мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.
ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт зан үйл бүхий бүлэгт хамрагддаг олон нийтийн тухайд ӨӨУСЭ/PrEP эмчилгээг хэрэглэхийг хүсвэл үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд, ХӨСҮТ мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн БЗДХ-ын кабинетын эмч нарт хандаж зөвлөгөө авч хяналттайгаар хэрэглэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Монгол улсад ӨӨУСЭ/PrEP эмчилгээний энэ арга түгээмэл хэрэглэгдээгүй байгаа тул одоогоор тогтоосон төлбөр байхгүй. Энэ эмчилгээг зайлшгүй хэрэглэх шаардлагатай серодискордант хосод нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд үнэ төлбөргүй олгогдож байна. Эмчилгээний үед зайлшгүй хийгдэх шаардлагатай шинжилгээнүүд тухайн үйлчилгээ үзүүлэх эмнэлгээс хамаарч эрүүл мэндийн даатгалаар болон тогтоосон төлбөрийн дагуу хийгдэнэ.
Олон улсад онлайнаар захиалах боломжтой эсэх талаар APCOM"s вэб хуудасны PrEP MAP -хэсэгт хандаж мэдээлэлтэй танилцана уу.
ХДХВ-ийн халдварт өртсөн даруйд хийгдэж эхэлсэнээр халдвар авах эрсдэлээс сэргийлдэг эмчилгээ учир шийдвэрийг хурдан гаргах нь чухал!
ХДХВ-ийн халдварт өртсөн үед халдвар авах эрсдэлийг бууруулах, зогсоох зорилгоор хэрэглэгдэх урьдчилан сэргийлэх вирусийн эсрэг эмийн эмчилгээ юм. ӨДУСЭ/PEP-г ХДХВ-ийн халдварт өртсөний дараах 72 цагын дотор эхлэх шаардлагатай ба эмчилгээг хурдан эхлэх нь илүү үр дүнтэй байдаг. Энэ цаг хугацааг алдвал эмчилгээ үр дүнгүй болох тул яаралтай зөвлөгөө авч эрт эхлэх нь чухал бөгөөд эмчилгээг ууж эхэлсэн бол 28 өдрийн турш өдөр бүр уух шаардлагатай. ӨДУСЭ/PEP-ийг зааврын дагуу зөв хэрэглэх нь ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй боловч 100% үр дүнтэй байдаггүй.
Энэ хоёр эмчилгээний арга нь хоорондоо ялгаатай болохыг дээр тайлбарласан. ӨДУСЭ/PEP нь ХДХВ-ийн халдварт өртсөн үед халдвар авах эрсдлийг бууруулах, зогсоох зорилгоор 72 цагийн дотор хэрэглэж эхлээд 28 өдрийн турш тасралтгүй хэрэглэх эмчилгээ юм. ӨӨУСЭ/PrEP нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлээс урьдчилан сэргийлж ХДХВ-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүс өдөр бүр ууж хэрэглэдэг эмчилгээ юм.
Хэрэв таны ХДХВ-ийн шинжилгээний хариу сөрөг боловч бэлгийн хавьтагчийн ХДХВ-ийн халдварын байдлыг мэдэх боломжгүй бол 72 цагийн дотор амжиж ууж эхлэх ёстой.
- Бэлгийн хавьтлын үед ХДХВ-ийн халдварт өртсөн байх магадлалтай бол (ХДХВ халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох эсвэл ХДХВ- тэй эсэхээ мэдэхгүй хүнтэй бэлгийн хавьталд орох, мөн бэлгэвч урагдаж гэмтсэн тохиолдол)
- Нэг удаагийн зүү тариур дундаа хэрэглэсэн тохиолдол
- Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол, тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг болон ТББ-уудад хандан эмчилгээг 72 цагийн дотор ууж хэрэглэж эхлээрэй.
Бусад ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх аргуудаас ӨДУСЭ/PEP нь ялгаатай юм. Тухайлбал:
- (ӨӨУСЭ/PrEP), нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг бууруулж өдөр бүр уудаг эмийн эмчилгээ
- Бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
- Мансууруулах бодисын хэрэглээний үед зөвхөн шинэ нэг удаагийн зүү тариурыг хэрэглэх
ӨДУСЭ/PEP эмчилгээ нь 100% үр дүнтэй биш. Иймд ӨДУСЭ/PEP хэрэглэж байх хугацаандаа бэлгийн хамтрагчтайгаа бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэж, бусад халдвар авч болох нөхцөлүүдийг хянах шаардлагатай
ӨДУСЭ/PEP -г ХДХВ-ийн халдварт өртсөний дараах 72 цагын дотор яаралтай эхлэж, 28 өдрийн турш өдөр бүр уух шаардлагатай. 72 цагаас хойших хугацаанд халдварлалтыг бууруулж, зогсоож чадахгүй болохыг онцгой анхаарах хэрэгтэй.
Хэрэв та ӨДУСЭ/PEP-г уухаа мартсан тохиолдолд санасан даруйд нөхөж уух нь уухгүй орхисноос илүү гэж үздэг. Харин дараагийн тунг хоёр дахин ихэсгэж болохгүй бөгөөд эмчид хандах шаардлагатай.
ӨДУСЭ/PEP эмчилгээ нь аюулгүй боловч дотор муухайрах, толгой эргэх, дүйнгэтэх, арьсны тууралт зэрэг сөрөг шинж тэмдэгүүд илэрч болно. Эдгээр зовиурууд аажимдаа арилах ба амь насанд аюултай биш боловч эмчид хандаарай.
ӨДУСЭ/PEP эмчилгээний үр дүн мансууруулах бодис хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн хувьд үзүүлэх үр дүнд ялгаатай байдал гараагүй боловч мансууруулах бодисын нөлөө нь ӨДУСЭ/PEP-ийн үед гарч болох гаж нөлөөг нэмэгдүүлдэг хүчин зүйл байж болно. ӨДУСЭ/PEP эмчилгээ нь өдөр бүр тогтмол хэрэглэж үр дүн гардаг тул мансууруулах төрлийн бодисын хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмчид мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.
ХДХВ-ийн халдварт өртсөний дараа ӨДУСЭ/PEP эмчилгээг хэрэглэхийг хүсвэл үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд, ХӨСҮТ мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн БЗДХ-ын кабинетын эмч нарт 72 цагийн дотор хандаж зөвлөгөө авч хяналттайгаар хэрэглэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Монгол улсад ӨДУСЭ/PEP эмчилгээг яаралтай хэрэглэх шаардлагатай үед мэргэжлийн эмчид эрсдэлийг үнэлүүлсэнээр үнэ төлбөргүй олгогдоно. Эмчилгээний үед зайлшгүй хийгдэх шаардлагатай шинжилгээнүүд тухайн үйлчилгээ үзүүлэх эмнэлгээс хамаарч эрүүл мэндийн даатгалаар болон тогтоосон төлбөрийн дагуу хийгдэнэ.
Энэ бол амны хөндийн шингэнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хурдавчилсан оношлуурын нэр юм. Шаардлагатай үед эмнэлэг, лаборатори, Гранд/ЗЭМТ ТББ руу заавал ажлын цагаар явах хэрэггүй, энэ оношлуурыг ашиглан боломжтой үедээ та өөрийгөө шинжилж болохыг дуулгахад таатай байна. OraQuick-ийг ашигласнаар шинжилгээний хариугаа богино хугацаанд авч чадах ба өөрийгөө шинжлэх боломжтой. Уг оношлуур нь ХДХВ-ийн эсрэг биеийг цусанд бус амны хөндийн шингэнд илрүүлдэг анхны болоод ижил төрлийн оношлуурууд дундаасаа ДЭМБ-ын чанарын баталгаажилтыг хангасан цорын ганц хурдавчилсан оношлуур гэдгийг дурдах нь зүйтэй.
Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод OraQuick-ээр өөрийгөө шинжлэх боломж нээгдэж байна. Та хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77222021 дугаараас нэр хаягаа хэлэлгүйгээр авах боломжтой.
Ихэнх хүмүүс зөвхөн цусанд ХДХВ-ийн халдвар илрүүлдэг гэж боддог харин OraQuick® оношлуур ашиглан амны хөндийн шингэний арчдасанд халдвар илрүүлэх боломжтой байдаг.
Амны хөндийн шингэнд шинжилгээ хийх нь цусанд шинжилгээ хийж халдвар илрүүлэхтэй адилхан үр дүнтэй.
OraQuick оношлуураар ХДХВ-ийг өөрийг нь бус харин халдварын улмаас бие махбодод үүссэн дархлааны бүтээгдэхүүн болох эсрэгбие байгаа эсэхийг тогтоодог.
Өөрийгөө шинжлэхдээ оношлуурын арчдас авах хэсгээр дээд, доод буйл ба уруулын завсрыг дагуулан зөөлөн арчиж, түүнийгээ лонхонд хийнэ. Өөрийн тань шинжилгээний хариу ердөө 20 минутын дараа гарах болно.