ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ

Та Монгол улсад бэлгийн цөөнх эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар төвлөрсөн тархалттай байдаг гэдгийг дуулсан уу. Төвлөрсөн тархалт гэдэг нь ХДХВ-ийн халдварт өртөж болох эрсдэл өндөртэй бүлгийн дунд халдварын тархалт 5 хувиас дээш байхыг хэлнэ.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх нь маш энгийн бөгөөд хялбар. Зарим ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийдэг улсын болон хувийн эмнэлэг болон төвүүд бэлгийн цөөнх хүмүүст үнэ төлбөргүй, ээлтэй үйлчилгээ үзүүлдэг. Цаашид ХДХВ-ийн халдвараас сэргийлэх эмичлгээний эмүүдийг (ӨӨУСЭ/PrEP/, ӨДУСЭ/PEP/) ханган нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Эмч, эмнэлгийн ажилчид таны шинжилгээний хариу болон бусад мэдээллийг нууцлах үүрэгтэй тул та тэдэнд итгэж болно.

1. Бүртгүүлээд сорилын өмнөх зөвлөгөө авах

  • Шинжилгээнд ирэхийн өмнө урьдчилан цаг авч болно, мөн таньд туслах ХОА-тай хамт ирж болно.
  • Шинжилгээнд ирсэн даруйдаа шинжилгээг хэрхэн өгөх талаарх мэдээлэл, шинжилгээний өмнөх зөвлөгөөг авна.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ нь тухайн олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууд, ХӨСҮТ болон дүүргийн эрүүл мэндийн харъяа байгууллагуудад үнэ төлбөргүй хийгдэнэ. Харин хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхдээ тухайн эмнэлгийн тогтоосон үнэ төлбөрийн дагуу үйлчилгээ авна. Гадаадын иргэдэд үйлчилгээ адилхан байдаг.

2. Цусны шинжилгээ авах
Сувилагч шинжилгээнд шаардлагатай хэмжээний цусыг таны хурууны өндөг болон гарын тохойны дотор талын өнгөц хураагуур судаснаас авна. Авсан дээжийг зохих журмын дагуу бүртгэл хийн шинжилгээнд бэлтгэнэ. Хэрэв хурдавчилсан оношлуур ашигласан тохиолдолд урьдчилсан хариу 15-20минутын дотор гарна. Харин лабораторт шинжилгээ хийгдсэн тохиолдолд шинжилгээг хүргэсэн болон хийгдсэн хугацаанаас хамаарч одоогийн нөхцөлд 24-48цагт хариу таньд ирнэ.

3. Шинжилгээний дараах зөвлөгөө мэдээлэл болон хариу өгөх
Ганцаарчлан уулзах өрөөнд таныг дуудан шинжилгээний хариуг танилцуулж, шинжилгээний дараах зөвлөгөө мэдээллийг өгнө. Шинжилгээний хариуг дараах байдлаар дүгнэдэг.

  1. ХДХВ халдвар - Эерэг
  2. ХДХВ халдвар - Сөрөг

Шинжилгээний эерэг хариу нь ХДХВ-ийн халдвартай болохыг харуулна. Шинжилгээний хариу эерэг болохыг одоо үед ХӨСҮТ-ийн лабораторт баталгаажилт хийгдэж эцсийн дүгнэлт гарна.

ХДХВ-ийн халдвар “ЭЕРЭГ” гэсэн хариу гарах үед цаашид юу хийх, хэнд хандах, хэрхэн амьдрах гэх мэт сэтгэл зовоосон олон асуудлыг шийдэхэд мэргэжлийн эмч, бэлтгэгдсэн зөвлөгөө өгөгч нар чин сэтгэлээсээ тусалдаг. ХДХВ-ийн халдвартай ч аз жаргалтай, эрүүл энх, урт удаан амьдарч буй олон хүмүүс байдаг.

Сануулахад:

ХДХВ-ийн халдвар нь хоол хүнс, хувцас, шүлс, хөлс,шээс, шумуул, үнсэлт, тэврэлтийн үед халдварладаггүй. Харин шулуун гэдсээр, үтрээгээр, амаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох үед үрийн шингэн, үтрээний шүүрэл, цусаар дамжин халдварлана.

ХДХВ-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн зургаан сарын хугацаанд бэлгийн хавьталд орсон хүмүүсийн талаар мэдээлэл өгөх эсвэл тухайн хүмүүст халдвар илрүүлэх шинжилгээнд орохыг өөрөө дамжуулан зөвлөх хэрэгтэй болдог.

Сануулахад:

Та ганцаараа биш гэдгээ санаарай. ХДХВ-ийн халвартай болох талаар хэн нэгэнд хэлэхгүй байх нь байдлыг сайжруулахгүй. Харин хэнд хэлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Таны гэр бүл таны дотны хүмүүс учир таньд туслахад бэлэн байдаг гэдгийг санаарай.

Та гэр бүлдээ хэлэхээс өмнө дотны найз эсвэл хэн нэгэнд мэдэгдэхийг хүсэж магадгүй. Энэ нь таны л сонголт юм. ХДХВ-ийн халдварын тухай хэн нэгэнд хэлэхгүй байх нь таны байдлыг сайжруулахгүй.

Та гэр бүл найз нөхөд аль эсвэл хэн нэгэнд хэлэхийг хүсээгүй үед мэргэжлийн эмч, кейс менежер , сэтгэл зүйчид туслах боломжтойг санаарай.

Шинжилгээний хариу сөрөг байх нь ХДХВ-ийн халдвар аваагүй болохыг харуулна.Энэ үед шинжилгээний дараах зөвлөгөөг авсанаар бэлгийн эрүүл амьдрал, цаашид халдвараас сэргийлэх боломжууд ,шинжилгээ давтан хийлгэх хугацааны талаар мэдээлэл аваарай. (шинжилгээ давтан хийлгэх хугацаа 3-4 сар)

Schedule

Хамгийн сүүлд хийлгэсэн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээс хойш дараагийн шинжилгээ хийлгэх хугацаа мөн бусад БЗДХ-уудын үед хийлгэж болох шинжилгээний хугацаа , давтамжийн талаарх мэдээллүүдийг сануулах.

Email

Тохиолдлын бэлгийн хавьтлын тоо нэмэгдэх тусам та тэр хэмжээгээр бэлгийн замын халдварт өвчин болон ХДХВ-ийн халдварын шинжилгээ өгөх хэрэгтэй. Та бэлгийн цөөнх эрчүүдийн нэг бол хамгийн багадаа жилд нэг удаа бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай. Хэрвээ та өөрийн тогтмол хавьтагчаас гадна тохиолдлын бэлгийн хавьталд ордог бол ( таны хамтрагч) хамгийн багадаа зургаан сар тутамд нэг удаа шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв та ( таны хамтрагч) сард нэг эсвэл хоёр удаа тохиолдлын бэлгийн хавьталд орсон бол гурван сар тутамд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Details

Дараах асуумжийг дэлгэрэнгүй бөглөсөнөөр та үнэгүй бөгөөд нууцлал өндөртэй бэлгийн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах сануулгыг авах боломжтой. Тус сануулгыг цахим шуудан хэлбэрээр авах болно.

Бүртгүүлэх