ХДХВ бүрэн эмчлэгдэх үү?

Тимоти Рэй Броуныг ХДХВ, ДОХ-оор өвчлөөд эдгэсэн анхны хүн гэж үздэг. 2008 онд зохион байгуулагдсан “Рэтровирус болон Дагалдах Халдварын Зөвлөгөөн”-өөс түүнийг эмчлэгдсэн гэж зарлаж, нэрийг нь нууцлах үүднээс “Берлиний өвчтөн” хэмээн зарласан байна. Тэрээр 2010 онд дэлхий дахинд өөрийн нэрийг ил болгож доорх мэдэгдлүүдийг хийсэн. Үүнд: “Би цорын ганц эмчлэгдсэн өвчтөн байхыг хүссэнгүй. Би ХДХВ халдварын эмчилгээ бий болоход өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийх болно. Миний хамгийн эхэнд хийж байгаа алхам бол өөрийгөө өвчлөөд эдгэсэн гэдгээ нуухгүй байх явдал юм гэсэн байдаг.
Тимоти нь 1966 онд АНУ-ын Вашингтон муж Сиатл хотод төрж, ганц бие ээж нь өсгөсөн байна. Тимоти 1995 онд Германд суралцаж байхдаа ХДХВ-ийн эерэг оноштой гэж оношлогдож, улмаар 2006 онд цусны цочмог хавдартай гэж оношлогдсон байна.
2007 оны 2-р сарын 7-нд цусны хавдраа эмчлүүлэхийн тулд мэс ажилбар хийлгэсэн.
Мэс ажилбараар өвчтөнд ясны чөмөг суулгаснаар үүдэл эс нь донорын эсээр солигдсон. Нийт 60 донороос эмч нар мутацлагдсан маш ховор CCR5-Δ32 ген бүхий эсийг агуулсан донорыг сонгосон байна.
Энэхүү ген бүхий эс нь ХДХВ-ийн эсэд нэвтрэх боломжийг хааж эсэргүүцэх шинж чанартай гэж батлагдсан. Европ болон Баруун Азийн уугуул оршин суугчдын 10% нь энэхүү генийг өвлөн авсан байдаг. Харин дэлхийн бусад хүн амд энэ нь маш ховор тохиолддог.
Үүдэл эс суулгах мэс ажилбар 1 жилийн дараа дахин хийгдсэн бөгөөд эхний мэс ажилбараас хойш рэтровирусын эмчилгээ огт хийгдээгүй хэдий ч 3 дахь жил дээрээ  эмч нар түүний цуснаас шинжилгээ авахад ХДХВ огт илрээгүй байна. Тимотын цусан дахь ХДХВ-ийн төвшин буурснаар түүний биеэс ХДХВ бүрэн алга болсон гэж үзсэн. Гэвч энэхүү тохиолдол нь маш ховор тохиолдол тул эрдэмтэд үүнийг судалсаар байна.  
Броуны ийнхүү аюултай комплекс эмчилгээг давж гарсныг судлаачид энэхүү эмчилгээг бусад ХДХВ халдвартай өвчтөнд тохирох донор олдсон ч гэсэн санал болгож болохгүй гэж дүгнэсэн байна.
Үүнээс хойш 11 жилийн дараа мөн ижил зөвлөгөөн дээр 2 дахь өвчтөн эмчлэгдсэнийг зарласан байна. Түүнийг Лондоны өвчтөн гэж зарласан бөгөөд тэрээр хожим өөрийгөө Адам Кастиэжо хэмээн танилцуулсан байна. Түүнд Ходжкины Лимфом хавдрыг эмчлэхийн тулд мөн адил ясны чөмөг суулгах мэс ажилбар хийсэн бөгөөд мөн адил CCR5-Δ32  ген бүхий донорыг сонгосон байна.
2017 оны байдлаар дахин 6 өвчтөн ХДХВ-ээс ангижирсан бөгөөд тэдний цор ганц нь CCR5-Δ32 ген бүхий чөмөгний эс суулгуулсан. Эндээс эрдэмтэд өвчтөнд шилжүүлэн суулгасан эс өвчтөний өөрийх нь дархлааны эсийг устадаг гэж дүгнэсэн байна.
Түүний хожмын амьдрал 
Тимоти 2012 оны 7-р сард ХДХВ, ДОХ-ын эсрэг сан байгуулж өөрийн нэрээр нэрлэсэн байна. 2019 онд түүний цусны хорт хавдар дахин илэрч, 2020 оны 9-р сард эцсийн шатандаа орж 54 насандаа нас барсан байна.